БУУЦАЙНЫ АЧ ТУС

Хаврын улиралд олон төрлийн навчит ногоогоор хоолны цэсээ баяжуулах нь тустай. Навчит ногоо нь төмөр, кальциар баялаг бөгөөд К аминдэм бета-каротин, антиоксидант зэрэг олон төрлийн ашигтай амин дэмийг агуулдаг. Тухайлбал, бууцай нь С витамин төдийгүй олон тооны антиоксидант, бета каротиноор баялаг тул бидний дархлааны тогтолцооны халдвараас хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг.

Бууцай нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн аминдэм, төмөр зэрэг эрдэс бодис, уураг, нүүрс усаар баялаг хүнсний ногоо юм. Дорно дахины анагаах ухаанд ядарч доройтсон хүний биеийг тэнхрүүлэх, цус төлжүүлэх, аминдэмийн дутагдал, чийг бам болон ходоод гэдэсний өвчинг эмчлэхэд хэрэглэж ирсэн уламжлалтай.

Бууцайг “ногоон ургамлын хаан”, “ходоод гэдэс цэвэрлэдэг шүүр” хэмээн нэрлэж эрт үеэс дорнын соёлд хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Түүний навчинд агуулагддаг аминдэм, эрдэс бодис нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна хялгасан судсыг бэхжүүлж, зүрхний шигдээс, цус харвахаас хамгаалахад тусладаг. Ходоодны хурц үрэвсэл өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой бөгөөд бууцайнд агуулагддаг эслэг нь нарийн гэдсийг цэвэрлэж, ингэснээрээ өтгөн хаталтыг зогсоох үйлчилгээтэй. Чихрийн шижин өвчтэй хүмүүс бууцайг хоолондоо тогтмол хэрэглэж занших нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж, тогтворжуулахад сайн нөлөөлдөг.